“Улаанбаатар” олон улсын XVI кино наадмын Нээлтийн кино бүтээлийн уралдаанд урьж байна
Нийслэлийн Соёл Урлагийн Газраас санаачлан, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл (КУЗ) хамтран 16 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг 2024 оны 10-р сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
“Улаанбаатар” олон улсын кино наадам нь Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд тус наадам нь Нээлтийн кино, Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын баримтат ба уран сайхны киноны үзвэр, Хүүхэд залуучуудын үзвэр, сургалт, форум гэсэн үндсэн хэсгүүдтэй.
Кино уран бүтээлч та бүхнийг 16 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмыг нээх “НЭЭЛТИЙН КИНО”-ны уралдаанд бүтээлээ ирүүлэхийг урьж байна.
Наадмын “Нээлтийн кино”-гоор шалгарсан бүтээл нь тус наадмын хүрээнд дэлхийн нээлтээ хийх ба олон улсын кино наадам зохион байгуулагч, найруулагч, продюсер нарт танилцуулагдаж, олон нийтэд толилуулах бүрэн эрхээр хангагдана.
Сонгон шалгаруулахад тавигдах шаардлага:
- Нээлтийн киноны шалгаруулалтад нээлтээ хийгээгүй, шинэ, бүрэн хэмжээний, Монголын болон Монгол-гадаадын хамтарсан, уран сайхны болон баримтат кино бүртгүүлэх боломжтой.
- Монголын кино урлагийн салбарын өнөөгийн хөгжилд нийцсэн, урлаг, уран сайхан болон дуу дүрсний хувьд өндөр чанартай бүтээл байх
- Англи хэлээрх хадмалтай байх
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Кино Урлагийн Зөвлөл, Монголын Урлагийн Зөвлөл болон чөлөөт уран бүтээлчдийн төлөөлөл бүхий ажлын хэсгээс томилсон шүүгчдийн баг хийнэ. Сонгон шалгаруулалтын эцсийн дүнг 2024 оны 9-р сарын 20-ны өдөр зарлана.
Уралдаанд кино бүтээлээ хэрхэн бүртгүүлэх вэ?
- Уран бүтээлч нь наадмын ubiff.mn цахим хуудас дахь БҮРТГЭЛ хэсэгт байршуулсан уралдааны өргөдлийн маягтыг бөглөн 2024 оны 8-р сарын 30-ны дотор илгээнэ.
- Киноны 1 хувийг DVD болон бусад файл хэлбэрээр МУЗ-ийн байранд дурдсан хугацаанаас өмнө авчирч өгнө.
- Өргөдлийн маягтыг бөглөж, киноны нэг хувийг хүлээлгэн өгсөн тохиолдолд бүртгэл баталгаажна.