Skip to content
+976-11-319017 info@ubiff.mn

“УЛААНБААТАР” олон улсын кино наадам 2024 оны 10-р сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл болон Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл хамтран 16 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг 2024 оны 10-р сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. 

Кино наадам нь дэлхийн нэр хүндтэй Канн, Берлин, Торонто, Сандэнс наадмуудаас шагнал хүртсэн, албан ёсны хөтөлбөрт шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар зорин ажилладаг билээ. 

Өдгөө 16 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус наадам нь жилээс жилд хөтөлбөр агуулгаа баяжуулан, үзэгчдийнхээ цар хүрээг нэмсээр ирсэн. Энэ жилийн наадам нь нээлийн ёслол, нээлтийн үзвэр, Монгол кино үзвэр, Олон улсын баримтат ба уран сайхны үзвэр, “Үзэхийн Хязгаар” монгол сонгодог бүтээл, “Залуу үзэгч” хөтөлбөр болон кино уран бүтээлчдэд зориулсан мастер хичээлүүдээс бүрдэж байгаа юм. Наадмын хүрээнд гарах бүх кинонууд Тэнгис, Өргөө 3 болон Синема Нэкст кино театруудаар үзэгчдийн хүртээл болох ба дэлгэрэнгүй хөтөлбөр, цагийн хуваарийг www.facebook/ubiff.com сошиал хаяг болон www.ubiff.mn сайтаас хүлээн авах боломжтой. Тасалбарыг дээрх кино театруудаас худалдан авч үзнэ үү.

“Улаанбаатар” олон улсын кино наадам нь нээлтийн кино болон Монгол кино хөтөлбөрийн бүтээлүүдийг уран бүтээлчдийн дунд нээлттэй уралдаан зарлаж, сонгон  шалгаруулдаг уламжлалтай бөгөөд энэ жил нээлтийн киногоор найруулагч Б.Баатарын “ГАЖУУДАЛ” уран сайхны кино шалгарсан. Энэхүү кино нь 2024 оны Бусан олон улсын кино наадмын “Азийн Цонх” хэсэгт албан ёсоор сонгогдон дэлхийн нээлтээ хийж, “Улаанбаатар” кино наадмаар Монгол дахь нээлтээ хийх гэж байна. 

Монгол киноны уралдаант хэсэг нь сүүлийн нэг жилийн хугацаанд бүтээгдсэн шинэ уран бүтээлүүдээс шилдэг бүтээл, уран бүтээлчдийг тодруулж, урамшуулах зорилготой уралдаант хэсэг юм. Энэ жилийн уралдаанд нийт 10 шинэ кино бүтээл өрсөлдсөнөөс найруулагч Б.Ганболдын “ПАГМАДУЛАМ” УСК, С.Баттулгын “ӨМНӨДИЙГ ЗОРИХ ЗАМД” УСК, Г.Бямбасүрэнгийн “ХУВЬ ЗАЯА” УСК тус тус шалгарч, наадмын хүрээнд үзэгчдийн хүртээл болох гэж байна. Түүнчлэн наадамд бүтээлээ ирүүлсэн нийт уран бүтээлчдээс 13 төрлөөр шилдэгүүдийг тодруулдаг ба шилдэг уран бүтээлчдийн нэрс 2024.10.16-ны өдөр наадмын нээлтийн ёслолын үеэр тодрох болно.

Кино наадмын онцлох хэсэг бол Монголын сор, сонгодог хуучны уран бүтээлч-найруулагчийн бүтээлийг орчин үеийн үзэгч, залуучуудад  дахин өргөн дэлгэцээр толилуулж, нэрт уран бүтээлчдийг алдаршуулах, тэдэнд хүндэтгэл үзүүлэх зорилготой “Үзэхийн Хязгаар” хэсэг байдаг. 2024 оны онцлох найруулагч Монгол Улсын Төрийн Шагналт, Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, нэрт кино найруулагч Бэгзийн Балжиннямыг танилцуулж, түүний 1986 онд бүтээсэн “СҮҮДЭР” УСК, 1984 онд бүтээсэн “ТАНЬ РУУ НҮҮЖ ЯВНА” УСК-г онцлон, 2024.10.19-ны өдөр Тэнгист кино театрт тус бүр ганцхан удаа өргөн дэлгэцээр толилуулна. 

Энэ жилийн кино наадам Алтан хальс ТББ-тай хамтран  “Залуу үзэгч” тусгай хөтөлбөрийг санаачлан үзэгчдэд бэлэг барьж байна. Энэхүү хөтөлбөр нь түүх өгүүлсэн, баримтат болон арт хаус төрлийн уран бүтээлийг залуу хойч үедээ танилцуулах, кино наадмын үзэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилготой билээ. Тус хөтөлбөрт АНУ, Монгол, Франц зэрэг улсуудын 4 киног 2024.10.19-20-ны өдрүүдэд Синема Нэкст кино театрт үнэ төлбөргүйгээр үзэгчдэд толилуулахаар бэлтгэлээ. 

“Улаанбаатар” кино наадмын хүрээнд Герман, Франц, Австрали, АНУ, Итали, Непал, Хятад, Энэтхэг, Швед, Палестин, Норвег, Ирланд зэрэг улсуудын 2023-2024 онд бүтээгдсэн 14 шилдэг олон улсын уран сайхны болон баримтат киног үзэгчдэд толилуулахаар хөтөлбөрөө гаргасан. Тухайлбал, 2024 оны Каннын наадмын Grand Prix шагналт “Төсөөллийн гэгээ” кино, Special Prize шагналт “Ариун инжир модны үр” кино, Youth Award шагналт “Тосоор гоож” кино, Un Certain Regard Prize шагналт “Хар нохой”, Сиднэйн кино наадмын Sydney Film Prize шагналт “Маргааш бий” кино, 2023 оны Венецийн кино наадмын Оризонти хэсгийн “Шилдэг эрэгтэй гол дүр” шагналт “Сэр Сэр Салхи” кино зэрэг гарах гэж байна. Олон улсын үзвэрүүд 2024.10.18-22-ны өдрүүдэд Тэнгис, Өргөө 3, Синема Нэкст кино театруудаар гарах ба үзэгчид тасалбараа тухайн театруудын билетийн касснаас авч үзэх боломжтой. 

Мөн Монгол кино уран бүтээлдийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын чанартай бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-ын Сандэнс кино наадам болон Филм Номад хөтөлбөрийн хамтарсан мастер сургалт, “Авдраа уудал: Баримтат уран сайхны кино бүтээх нь” зэрэг цуврал сургалтуудыг 2024.10.17-18-ны өдрүүдэд тус тус зохион байгуулна. 

Ингээд та бүхэн “Улаанбаатар” олон улсын кино наадмын хөтөлбөртэй танилцана уу.  Дэлгэрэнгүй мэдээллийг наадмын албан ёсны www.facebook.com/ubiff болон www.ubiff.mn  цахим хуудаснаас авна уу.

Кино сонирхогч олон нийт та бүхнийг “Улаанбаатар” олон улсын кино наадамд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Back To Top