Skip to content
+976-11-319017 info@ubiff.mn

“Улаанбаатар” олон улсын XVI кино наадмын “Монгол кино уралдаан”-д урьж байна

Нийслэлийн Соёл Урлагийн Газраас Санаачлан, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл (КУЗ) хамтран 16 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг 2024 оны 10-р сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

“Улаанбаатар” олон улсын кино наадам нь Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд тус наадам нь нээлтийн кино, Монгол киноны уралдаант хэсэг, олон улсын баримтат ба уран сайхны кино үзвэр, хүүхэд залуучуудын үзвэр, сургалт, форум гэсэн үндсэн хэсгүүдтэй.

Монголын кино уран бүтээлчид та бүхнийг 16 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын Монгол киног гадаад, дотоодын үзэгчдийн хүртээл болгох, шилдэг уран бүтээл, бүтээлчдийг алдаршуулан танилцуулах, сурталчлах зорилготой

“Монгол кино уралдаан”-д бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тус уралдаанд уран сайхны кино хүлээн авах ба уралдаанд ирүүлсэн кино бүтээлүүдээс “Монгол кино хөтөлбөр”-ийн олон нийтэд толилуулах бүтээлүүдийг шалгаруулна. Дараах төрөл тус бүрд нэг шилдэг бүтээлийг шалгаруулж цом, мөнгөн шагнал, өргөмжлөл гардуулна. Үүнд:

  • Шилдэг кино
  • Шилдэг найруулагч
  • Шилдэг эрэгтэй гол дүр
  • Шилдэг эмэгтэй гол дүр
  • Шилдэг туслах эрэгтэй дүр
  • Шилдэг туслах эмэгтэй дүр
  • Шилдэг зураглаач
  • Шилдэг зураач
  • Шилдэг зохиолч
  • Шилдэг хөгжмийн зохиолч
  • Шилдэг эвлүүлэгч
  • Шилдэг дууны найруулагч
  • Шилдэг нүүр хувиргагч

“Улаанбаатар” олон улсын кино наадмын “Монгол кино уралдаан”-ы “Шилдэг кино” төрөлд түрүүлсэн бүтээл нь АНУ-ын Кино академийн буюу Оскарын наадмын “Гадаад хэлээрх шилдэг кино” төрөлд нэр дэвшихэд Монгол улсаа төлөөлөн өрсөлдөх эрхийг авна. Үүнтэй холбогдуулан уг төрөлд нэр дэвших киног хүлээн авахдаа АНУ-ын Кино академийн тавьдаг үндсэн шаардлагуудад нийцсэн бүтээл байх шаардлагатай ба “Шилдэг кино” төрөлд өрсөлдөх бүтээлүүд нь дараах шаардлагуудыг хангасан байна.

“Шилдэг кино” төрөлд өрсөлдөх бүтээлд тавигдах шаардлага:  

  • АНУ болон харьяа нутаг дэвсгэрүүдээс нь гадна хийгдсэн, 40 минутаас дээш урттай бүтээл байх
  • Харилцан ярианы 50-иас дээш хувь нь англиас өөр хэл буюу монгол хэлээр байх
  • Монголд 2024 оны 1-р сарын 1-нээс хойш нээлтээ хийсэн байх
  • Кино театрт дор хаяж долоон өдөр дараалан, ашгийн зорилгоор толилуулагдсан байх (Фестивалийн үзвэр үүнд хамаарахгүй)
  • Кинотеатрт гарахаар бусдаар олон нийтэд түгээгдсэн, толилуулагдсан бүтээл байж болохгүй (Өргөн нэвтрүүлгийн болон кабелийн сувгаар, IPTV, PPV/VOD хэлбэрийн үйлчилгээгээр, DVD-ээр, нислэгийн үзвэрт г.м.)
  • Кино бүтээх үйл явцад монгол хүмүүс голлох үүрэгтэй оролцсон байх
  • Англи хэлээрх субтитртай байх

Бусад төрөлд өрсөлдөх бүтээлд тавигдах шаардлага:

  • Монголын кино урлагийн салбарын өнөөгийн хөгжилд нийцсэн, урлаг, уран сайхан болон дуу дүрсний хувьд өндөр чанартай бүтээл байх
  • 2023 оны 8-р сарын 20-ноос 2024 оны 8-р сарын 20-ны дотор бүтээгдсэн байх
  • Киноны баг нь уран сайхны кино бүтээх чиглэлээр гурваас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан дадлага туршлагатай байх
  • Англи хэлээрх субтитртай байх

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын кино урлагийн зөвлөл, Монголын урлагийн зөвлөл болон чөлөөт уран бүтээлчдийн төлөөлөл бүхий ажлын хэсгээс томилсон шүүгчдийн баг хийнэ. Сонгон шалгаруулалтын эцсийн дүнг 2024 оны 9-р сарын 20-ны өдөр зарлана.

Уралдаанд кино бүтээлээ хэрхэн бүртгүүлэх вэ?

  • Уран бүтээлч нь наадмын ubiff.mn цахим хуудасны БҮРТГЭЛ хэсэгт байршуулсан уралдааны өргөдлийн маягтыг бөглөн 2024 оны 8-р сарын 30-ны дотор илгээнэ.
  • Киноны 1 хувийг DVD болон бусад файл хэлбэрээр МУЗ-ийн байранд дурдсан хугацаанаас өмнө авчирч өгнө.
  • Өргөдлийн маягтыг бөглөж, киноны нэг хувийг хүлээлгэн өгсөн тохиолдолд бүртгэл баталгаажна.
Back To Top