“Улаанбаатар” олон улсын кино наадмын албан ёсны зурагт хуудсыг хүргэж байгаадаа баяртай байна.
2021 оны наадам маань анх удаа кино урлагийг дэмжих хуультай болсон түүхэн цаг үетэй давхцаж, үндэсний кино урлагийн хөгжлийн шинэ хуудас нээгдэж байна гэж бид үзэж байна. Энэ мөчийг Монголын кино урлагийн 80 гаруй жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн авьяаслаг уран бүтээлчид, тэдний дэлгэцэнд мөнхөрсөн бүтээлгүйгээр төсөөлөхийн аргагүй.
Тиймээс бид жил бүр Монгол киноны түүхэнд тод мөр үлдээж, бидний зүрх сэтгэлд хоногшсон, шилдэг бүтээлийг сонгон хүндэтгэл үзүүлж, наадмын өнгө төрхөөрөө сонгож байх болсон бөгөөд энэ жилийн наадмын сүнсийг Монголын кино урлагийн алтан үеийн төлөөлөл, нэрт найруулагч Д.Жигжидийн 1959 онд бүтээсэн “Ардын элч” уран сайхны киногоор дуудаж байгаадаа баяртай байна.
Уг бүтээлийг сонгох болсон нь дараах учиртай:
Ардын элч бүтээл нь 20-р зууны эхэн үеийн Монголын нийгэмд өрнөсөн ээдрээт цагийг өгүүлсэн нь өнөөдрийн ойлгомжгүй, тогтворгүй, нарийн төвөгтэйгээр хувиран өөрчлөгдөж байгаа бидэнд өнгөрсөн, одоо ба ирээдүй цагийг нэг шугаманд авчирч, эргэцүүлэн тунгаах ‘шалтаг’ болно гэж бодож байна.
Кино урлагийн амин сүнс нь авьяас чадвар гэдэгт бид гүн бат итгэдэг бөгөөд “Ардын элч” кино 1959 онд Москвагийн олон улсын кино наадмын уралдаант хэсэгт авьяасаараа түүчээлэн сонгогдож, улмаар гол дүрийн Ариунаад тоглосон жүжигчин П.Цэвэлсүрэн шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн түүхийг Монгол кино давтах цаг тун удахгүй гэдэгт бид гүн бат итгэлтэй байна.
Ардын элч (1959) киног Д.Жигжид найруулагч 40 настайдаа найруулсан түүний анхны бүрэн хэмжээний кино бөгөөд түүнээс өмнө тэрээр “Цогт тайж” (1945), “Сэрэлт” (1957) кинонд зураглаачаар ажиллаж, “Улаанбаатард байгаа миний аав” (1962), “Түмний нэг” (1962), “”Хүний мөр” (1965), “Үер” (1966), “Өглөө” (1968), “Хүргэн хүү” (1970), “Тэмцэл” (1971), “Хөдөөгийн баясгалан” (1974), “Өнөр бүл” (1980) зэрэг 16 бүрэн хэмжээний кино хийсэн бөгөөд шинэ кино хууль уран бүтээлчдэд цаг хугацааг ялсан олон бүтээл хийх боломж олгоно гэж билэгшээв.